Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Бурханы дуу хоолойг сонсох нь

7-с 4 дахь өдөр

Тэмцэлдэхээ больж Бурхан гэдгийг минь мэд. Би улс үндэстнүүдийн дунд өргөмжлөгдөж, дэлхийд өргөмжлөгдөнө. Дуулал 46:10

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор ХаролдСаллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.

Бурханд хандан залбирсны дараа Бурханы мутар бидний төлөө хөдөлж эхлэх тэр хормыг Эми Кармайкл “1000 жил мэт санагдах ганц хором” гэж нэрлэсэн байдаг. Жон Эблинг коллежоо төгсөөд удаагүй байхдаа чухамдаа энэ л 1000 жил мэт санагдах ганц хормыг мэдэрсэн байдаг. Тэр өөрөө илгээлтийн эзний хүү учраас Бурхан тэдний гэр бүлийг хэрхэн ивээж, Хятадад үйлчилж байхад нь Бурхан хэрхэн хамт байсныг сайн мэддэг байж. Бурхан залбирлыг сонсож, гуйлтад хариулдаг гэдгийг ч Жон маш сайн мэддэг байсан. Гэвч гэр бүл зохиогоод удаагүй байгаа залуухан эцэг, залуухан нөхөр Жоны хувьд санхүүгийн дарамт, сургуулийнхаа хажуугаар ажлаа амжуулах ачаалал маш хүндээр тусжээ. Тиймдээ ч Жон Бурхан гуйлтад хариулдаг гэдгийг бараг мартаж орхисон. Гэвч Бурхан түүнийг цөхөрч гүйцээд байх тэр үед гуйлтад нь гайхамшигтайгаар хариулсан гэдэг. Тэр цаг үе бол түүний хувьд “1000 жил мэт санагдах ганц хором” байсан юм. Харин өнөөдөр тэр цагаас хойш 30 жил өнгөрчээ. Жон олон олон саад бэрхшээлүүдийг даван Бурхантайгаа хамт алхсаар л байна. Бурхан залбиралд нь хариулахгүй байгаа юм шиг санагдах үед тэрээр өөртөө “Бурханы цагийн хуваарь биднийхээс өөр” гэж сануулсаар өдий хүрчээ. Нөхцөл байдал буруугаар эргэж, амьдрал бүрхэг болж, цөхрөнгөө барах тэр цагт бид “Бурхан минь Та хаана байна вэ?” гэж дуу алддаг. “Хүүхдийн минь амь нас дээсэн дөрөөн дээр ирээд байна. Танд хамаагүй гэж үү?” гэж хашхирдаг. Есүсийг дагаж байсан дагалдагч нар ч мөн ийм байдалд орж байсан. Тэд Галил тэнгисийг жижигхэн завиар гатлан явах үед Есүс ядарч туйлдсандаа унтаад өгчээ. Тэр үед хүчтэй салхи дэгдэж тэдний сууж явсан завь хөмрөх шахсан байна. Хэдийгээр дагалдагч нар нь туршлагатай загасчид байсан ч салхи улам бүр ширүүсэн гарцаагүй сүйрлийн өмнө тулжээ. Уг нь Есүс завин дээрээ хэдхэн хором л дуг хийсэн. Гэвч энэ нь дагалдагч нарынх нь хувьд 1000 жил болох мэт санагдсан юм. Есүс сэрээд тушаахад тэр дороо хүчтэй үлээж байсан салхи зогсож, оволзож байсан давлагаа намджээ. Зовлон шаналал дунд Бурхан бидний залбирлыг сонсож хариулдаг. Бурханы туслалцаа бидний амьдралд ирэх тэр хугацаа Бурханы мөнх оршихуйн үүднээс аваад үзвэл үнэндээ ганц хором ч хүрэхгүй хугацаа юм. Гэвч нөхцөл байдлын хүчинд автагдсан бидний хувьд тэр нь 1000 жил өнгөрөх мэт санагддаг. Энэтхэгт илгээлтийн эзнээр үйлчилж өнчин хүүхдүүдийн төлөө амьдралаа зориулсан ЭмиКармайкл “Нуурын дээгүүр хар үүл хуйларч, давлагаа хүчтэйгээр оволзож байсан ч Эзэнтэйгээ хамт нэг завинд байхад айж эмээхийн хэрэг юу билээ? Эзэнийг чимээгүй байх тэр ганц хором 1000 жил мэт удаан санагдавч, Түүний аялан яваа завийг хөмрүүлж чадах давлагаа бий гэж үү? Эзэний хүсэл дотор алхаж байгаа нэгний зүрх мохно гэж үү?” гэж шүлэглэсэн байдаг.

Дуулал номд энэ тухай “Шаналал дундаа тэд ЭЗЭНд хашхирсанд Шахаанаас нь Тэр гаргаж авав. Далайн давлагаануудыг нам гүм болгохоор Тэрээр шуургыг аядуулав. Тэдгээр нь нам гүм болсонд Тэд баярласан бөгөөд Тэр тэднийг хүссэн боомт уруу нь газарчилжээ” (Дуулал 107:28-30) гэж өгүүлжээ. Магадгүй өнөөдөр таны амьдралд яг л ийм 1000 жил мэт санагдах хором үргэлжилж байж болох юм. Та Бурхан руу хандан хашхирсан ч Бурхан хариулахгүй байгаа юм шиг танд санагдаж байж болох юм. Хэрвээ тийм бол та бүү цөхөр. Бурхан тантай хамт байгаа. Тэр Өөрийн товлосон цагтаа танд хариулах болно. Харин тэр цаг хүртэл бид Бурхан Эцэгтээ бат итгэж, Түүний хүсэл зориг хамгийн сайн нь гэдгийг санах учиртай юм. Тиймээс тэвчээртэй байгаарай, найз минь. Учир нь 1000 жил мэт санагдах ганц хором чинь удахгүй дуусах гэж байна.

Мэргэн нэгнийг дагавал мэргэн, мулгуутай нөхөрлөвөл хорлол Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг танд хүрлээ.

Ѳдѳр 3Ѳдѳр 5

Энэ төлөвлөгөөний тухай

Бурханы дуу хоолойг сонсох нь

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Бурханы дуу хоолойг сонсоход тань туслах 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio