Бурханы дуу хоолойг сонсох ньЗагвар

Бурханы дуу хоолойг сонсох нь

7-с 5 дахь өдөр

Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар. Ефес 5:17

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор ХаролдСаллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлэг.

Уиллиам Шекспир нэгэн жүжигтээ “Бидний хүсэл зоригийг тас цохин Бурхан Өөрийнхөө хүсэл зорилгыг биелүүлдэг ажээ” хэмээн бичсэн байдаг. Өөрөөр хэлбэл Бурханы мутар бидний амьдралыг удирдан чиглүүлдэг бөгөөд заримдаа Бурханы удирдамж хүмүүс бидний хүсэл зоригийг ч давдаг болохыг Английн агуу зохиолч ийнхүү өгүүлсэн байна. Гэхдээ өнөөдөр Стратфордын алдарт зохиолчтой санал нийлэхгүй хүн их олон болсон байна. Бурхан энэ дэлхийг бүтээгээд, тэнхлэгээр нь эргэлдүүлж орхичхоод хүмүүсийг учраа өөрсдөө олог гээд зөнд нь орхичихсон гэдэгт итгэдэг хүн олон бий. Тэгээд ч өнөөдрийн нөхцөл байдлыг харах юм бол нээрээ ч тэгсэн юм шиг харагдах байх. Гэхдээ Библи ингэж хэлдэггүй. Бидний амьдралд хандсан зорилго төлөвлөгөө Бурханд байдаг гэдгийг Библи тодорхой хэлдэг. Ефес захидалдаа Паул “Тиймээс бүү мунхаг бай. Харин Эзэний хүсэл юу болохыг ухаар" (Ефес 5:17) гэжээ. Үнэхээр учир нь олдохоо больсон энэ дэлхийд Бурханы үгийн удирдамж бидэнд зайлшгүй хэрэгтэй юм. Тэгвэл таны амьдралд хандсан Бурханы төлөвлөгөө юу юм бэ? Тэр төлөвлөгөөг та яаж олж мэдэх вэ?... Охин нь автомашины осолд орж маш эрсдэлтэй хагалгаанд орох ёстой болсон нэгэн эх над руу и-мэйл бичсэн байсан. Охиноо энэ эрсдэлтэй мэс засалд оруулах уу яах вэ, энэ тал дээр Бурханы хүсэл юу юм бол? хэмээн тэр эмэгтэй бичсэн байлаа. Өөр нэгэн бизнесмен арай бага цалинтай өөр нэгэн албан тушаал руу шилжих урилга ирсэн тухай бичсэн байв. Тэр энэ шилжилтийг хийх нь Бурханы хүсэл мөн эсэхийг мэдэхийг хүссэн байлаа. Тэгвэл бидний хувьд Бурханы хүслийг олж мэдэх эхний алхам бол тухайн гаргаж буй шийдвэртэй холбоотойгоор Библид юу гэж бичсэн байгааг олж мэдэх явдал юм. Библийн хуудсанд Бурхан бидэнд заавар зөвлөмжүүдийг өгсөн байдаг. Эдгээр нь бидний хувьд баримтлах зарчим болдог. Библид бидний амьдралтай холбоотой бүхий л асуудалтай холбоотой амьдралын зарчмуудыг өгсөн. Гэр бүл, нөхөрлөл, энэ дэлхийтэй харилцах харилцаа, бодол санаагаа хэрхэн хянах, хүсэл бодлоо хэрхэн хязгаарлах гэх мэт бүхий л асуудлуудын талаар өгүүлсэн байдаг. Тиймээс ч Дуулал номд “Таны үг миний хөл дэх дэнлүү, миний зам дахь гэрэл" (Дуулал 119:105) хэмээн өгүүлсэн байдаг.

Бурханы хүслийг олж мэдэх хоёр дахь алхам бол “Энэ нөхцөл байдал дундаас Бурханы мутрыг би хэрхэн харах вэ?” хэмээн өөрөөсөө асуух явдал юм. Заримдаа бидний өмнө үүд хаалга хаагдах үед бид сэтгэлээр унадаг. Гэтэл “Бурхан бидний өмнө өөр илүү сайн үүд хаалгыг нээхийн тулд тухайн үүд хаалгыг хаасан байж болох юм” гэж та бодож үзсэн үү? Энэ тохиолдолд та яах вэ? Харанхуйг зүхээд суугаад байх уу? Эсвэл Бурханы удирдамжийг даган гэрэл өөд алхах уу? Энд би нэг зүйлийг товчхон сэрэмжлүүлж хэлье. Хүмүүсийн гаргадаг нэг том алдаа бол анхнаасаа Бурханы хүслээс гадуурх зүйл дээр Бурханы хүслийг эрэлхийлэх гэж оролдох явдал юм. Өнөөдөр маш олон хүн ийм алдааг гаргаж байна. Хүмүүс зорилго нь үйлдлээ зөвтгөнө гэж боддог. Сайн санаагаар хийсэн үйлдэл, сайн зорилгын төлөө хийсэн үйлдэл Бурханы хуулийг зөрчихөөс илүү чухал гэж тэд боддог. Хайр байгаа бол гэр бүлээс гадуурх бэлгийн харилцаа байж болно гэж хүмүүс эндүүрдэг. Энэ мэтээр хүмүүс зорилго нь үйлдлээ зөвтгөнө гэж эндүүрдэг. Харин Бурханы үгийн дагуу амьдрахыг хүсэгч хүн ихэнх тохиолдолд олонхын эсрэг алхах ёстой болдог. Гэхдээ тэр үедээ тэд ганцаараа алхдаггүй. Бурханы үгийн дагуу, үнэн зөвийн төлөө алхах эр зоригтой хүмүүс хэзээ ч тасрахгүй. Эцэст нь, Бурхан Ариун Сүнсээрээ дамжуулан бидний дотроос биднийг ятгах замаар удирдамжаа өгдөг. Ариун Сүнс итгэгч хүн бүрийн зүрхэнд оршдог. Тиймээс та бид Ариун Сүнсний удирдамжаар алхах нь хэзээд чухал байдаг юм шүү.

Мэргэн нэгнийг дагавал мэргэн. Мулгуутай нөхөрлөвөл хорлол. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгийг танд хүргэлээ.

Ѳдѳр 4Ѳдѳр 6

Энэ төлөвлөгөөний тухай

Бурханы дуу хоолойг сонсох нь

Мэргэн нь сонсог, мэдлэгээ тэлэг, Ухаалаг нь мэргэн удирдамжийг мөн аваг. Доктор Харолд Саллигийн “МЭРГЭН ЗӨВЛӨМЖ” нэвтрүүлгээс Бурханы дуу хоолойг сонсоход тань туслах 7 өдрийн чимээгүй цагийн төлөвлөгөөг бэлтгэн хүргэж байна. Итгэл Радио - Аудио чимээгүй цаг

More

Энэхүү төлөвлөгөөг гаргаж өгсөн ITGEL RADIO - ИТГЭЛ РАДИО -д талархал илэрхийлье. Дэлгэрэнгүй мэдээллийг дараах хаягаас авна уу: https://www.facebook.com/itgelradio